“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нээлт манай аймагт болж байна. Төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд, холбогдох албаныхан оролцлоо.
Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачилан Эрүүл мэндийн яам Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй /БОЭТ/ хамтран хэрэгжүүлэх юм.
Орон нутгийн эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой энэхүү төслийг ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжинэ.
Энэхүү төслийг хэд хэдэн үндэслэл шалтгаанаар орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ГССҮТ-өөр хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувийг орон нутгаас ирсэн үйлчлүүлч эзэлдэг.
Тодруулбал, ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 91600 иргэн үйлчлүүлдгээс 12324 буюу 13.5 хувийгорон нутгийн иргэд эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь төслийг санаачлан хэрэгжүүлэх нэг үндэслэл болжээ.
Ийнхүү орон нутгаас гэмтэл согогын тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх шаардлага гарч буйг албаныхан онцолж байна.
Төслийн хүрээнд сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамж журмыг баримтлан ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах юм. Мөн анагаах ухааны эмчилгээний орчин, шинэ технологийг нэвтрүүлж орон нутгаас Улаанбаатар хот руу явж үйлчилгээ авч байгаа иргэдийн урсгалыг багасгаж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ.
Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсон байна. Тухайлбал, БОЭТ-ийн гэмтэл согогын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношилж, эмчлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцлов.
Мөн БОЭТ-ийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна ГССТ-ийн эмчилгээ үйлчилгээг, нэвтрүүлж иргэдэд үйлчилгээг ойртуулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байран дээрээ хөгжих боломж бүрдэх юм байна.
Хамгийн гол нь эмч, мэргэжилтний ур чадвар, мэдлэг сайжирч төвийн хэмжээнд хийдэг мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж, нас баралтыг бууруулах үр дүнг хүлээж байгаа юм.
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн хүний нөөцийн чадамж болон газарзүйн байршлийн хувьд төсөл хэрэгжүүлэхэд боломжтой гэж үзэн сонголтыг хийжээ. Өвөрхангай аймаг нь баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, баруун дөрвөн аймаг дамжин өнгөрдөг хатуу хучилттай замтай тул эмчилгээ, үйлчилгээг хөгжүүлэхэд тохиромжтой гэж үзсэн байна.