• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга Г.Ганболд: Булган, Төв, Архангай аймгийн сумдад отор нүүдлээр яваа малчдыг хөөж туух, мөнгө төгрөг нэхэх асуудлыг шийдвэрлэхээр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүгийн дэмжлэгийг үзүүлээд байна

Аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл өглөө. Өнгөрсөн хоногуудад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, Хурандаа М.Энх-Амар гэхчлэн олон хүмүүс Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж, зарим асуудлыг шийдвэрлээд буцсан юм.
Тухайлбал, Арвайхээр, Улаанбаатар хоорондын 60 км автозамыг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулах, Баянтээгийн уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулах, БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, эмч нарыг нарийн мэс ажилбарт сургах гэхчлэн олон ажил шийдэгдээд байна. 

Мөн Дулааны станцын барилгыг эхлүүлэх юм. Дулааны станцыг байгуулснаар агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй. Гэр хороолол, автомашины утаа агаарын бохирдлын 70 хувийг бүрдүүлдэг хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэллээ. Арвайхээр сум 9345 өрх айлтайгаас 7 мянга гаруй нь гэр хороололд аж төрдөг. Тиймээс Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэрийг ойрын үед барьж эхлэхээр судалгаа хийгээд байна. 


Одоогоор улсын болоод орон нутгийн нөөцөд 500 орчим тонн өвс тэжээл байгаа ба зах зээлийн үнээс хямдруулан худалдах шийдвэрийг гаргаж, ногоон тэжээлийг 5000, нарийн ногоон өвсийг 7200 төгрөгөөр худалдаж байна. Булган, Төв, Архангай аймгийн сумдад отор нүүдлээр яваа малчдыг хөөж туух, мөнгө төгрөг нэхэх асуудлыг шийдвэрлэхээр тухайн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүгийн дэмжлэгийг үзүүлээд байгаа юм. Ингэснээр малчид малаа төллөтөл ямар нэг дарамт шахалтгүйгээр оторлох боломжтой болж байна.

2019-03-05 19:19:28