Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлагууд, хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой батлагдсан дүрэм, журмуудын талаар мэдээлэл өгч, арга зүйгээр хангав. /2019.03.06/
“Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дагаж 47 дүрэм, журам гарна. Батлагдсан дүрэм, журмыг эхнээс нь сайтар судлах, нэгдсэн ойлголт авах, хууль, журмын хүрээнд мөрдөж, хэрэгжүүлэх өндөр хариуцлага бидний өмнө байгаа” хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тус сургалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, салбар зөвлөлийн гишүүн Н.Энхцэцэг “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”, “Төрийн захиргааны албаны удирдах, гүйцэтгэх, албан тушаалд тавигдах тусгай шаардлага”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын талаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Бадамгэрэл “Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын төсөл”, Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын төсөл”-ийн талаар тус тус сургалт хийж, мэргэжлийн заавар, чиглэл өгч, сонирхсон асуултад хариулт өгөв.
Хуулийн хүрээнд гарах бүх дүрэм, журмууд батлагдсны дараа Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран аймгийн төрийн албан хаагчдыг хамруулсан нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.