“Аймгийн газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцлээ.
Газар нутгийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, ховор, ховордсон ургамал, амьтан, усны нөөц, газрын өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт газар түүний орчныг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг 15 жилийн хугацаатайгаар аймгийн тусгай хамгаалалтад авч байгаа юм.
Үүнд Богд сумын Арц богдын нуруу, Баруунбаян-Улаан, Богд сумын зааг нутаг Зүүнбогд уул, Богд, Төгрөг сумын нутаг Сэрвэн, Өөш, Саахайрхан, Гучин-Ус, Төгрөг, Баянгол сумын нутгийг хамарсан Хонгорын тал, Сант сумын Домбон нуур, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан сумын нутгийг хамарсан Өшгөгийн нуруу, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр сумын нутагт хамаарах Дөлгөөн хайрхан, Тарагт, Баянгол сумын нутаг Хүйсийн тал, Уянга, Хайрхандулаан сумын нутаг Асгатын уул, Бүрд сумын нутаг Монгол Улсын төв цэг зэрэг газар нутгууд хамаарч байна.
Мөн хуралдаанаар “Аймгийн газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцэж, Нарийнтээл сумын “Сөртийн хошуу”, “Сэнжит”, “Хүйтэн” зэрэг бичил уурхайн зориулалттай 22.6 га газрыг 5 жилийн хугацаагаар аймгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарав.