• Албан ёсны цахим хуудас
Хуулийн байгууллагын төлөөллүүд зөвлөлдлөө

Аймгийн Прокурорын газраас санаачлан хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнгөрөгч 7 хоногт зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд болон тасгийн дарга, мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, шинжээч нар оролцжээ.

Хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд гарч байгаа нийтлэг зөрчил дутагдал, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, алдаа оноогоо шүүн ярилцсан тус зөвлөгөөнөөс ажлын уялдаа холбоогоо сайжруулах, алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд байгууллагууд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг оролцогчид санал нэгтэйгээр хэлж байв.

Зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргаж  нийт прокурор, мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнууд, шинжээч, шийдвэр гүйцэтгэгч нарт хүргүүлсэн байна.

Зөвлөгөөнд  аймгийн ерөнхий прокурорын орлогч Ц.Дэнсмаа хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын тоон үзүүлэлт  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа нийтлэг зөрчил, Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Д.Ганцэцэг 2018 онд “Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл”, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Мядагбадам “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал, гарч буй зөрчил” сэдвүүдээр мэдээлэл хийв. 

Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат аймгийн Цагдаагийн газарт 2018 онд хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээлэл болон хэрэг материалыг хүлээн авсан шийдвэрлэлтийн талаар, Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Ц.Мөнхбат  “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл”-ийн талаар, аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Ганбаяр “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал,  Шүүхийн Шинжилгээний Албаны  дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мягмарсүрэн “Шинжээч томилсон тогтоол, дүгнэлттэй холбоотой гарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал”-ын талаар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Д.Мөнхнасан  нар тус тус мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан санал, шүүмжлэл, асуултанд хариулт өгч боломжтой асуудлыг зөвлөгөөний үеэр  шийдвэрлэсэн байна. 

 

 

 

2019-03-15 10:45:58