• Албан ёсны цахим хуудас
Марш тактикийн аварга “Тасаг”-аар Зэвсэгт хүчний 256 дугаар анги шалгарлаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 98 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактикийн аварга “Тасаг” шалгаруулах тэмцээн өнгөрөгч лхагва гарагт боллоо.

“Арвайхээр цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, салбар, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан уг тэмцээнд Зэвсэгт хүчний 256, 113 дугаар ангиуд, Онцгой байдлын газар, Хархорин сумын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тагнуулын хэлтсийн багууд оролцов.

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, тасаг бүлгийн хамтач ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээн Жагсаалын үзүүлэх тоглолт, Гардан тулааны үзүүлэх тоглолт, Биеийн тамирын норматив, Галын бэлтгэлийн норматив, Химийн норматив, Тасгийн буудлага, Гар гранат шидэлт, Байлдааны тактикийн ажиллагаа, Цэргийн байр зүй, Шархтанд анхны тусламж үзүүлэх, сум галт хэрэгсэл зөөх, Хордсон газар орныг туулах, химийн 1, 2 дугаар норматив, 8 км-ын гүйлт гэсэн 12 төрлөөр баг, тамирчдыг өрсөлдүүлж, тэмцээний шилдгүүдийг тодруулсан юм.

Аварга тасгаар Зэвсэгт хүчний 256 дугаар анги, дэд байрт Зэвсэгт хүчний 113 дугаар анги, гутгаар байрт Онцгой байдлын газрын багууд тус тус шалгарлаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, И.Доржсүрэн, аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан нар гардуулж өгөв.

 

 

 

 

2019-03-15 19:49:42