Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өнөөдөр 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай ээлжит цахим хурлыг зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, аймаг, нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хурлаар аймаг, орон нутгийн хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил болон хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгөв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ний үеэр Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулах, Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутаг юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгсөн юм.
Тэрээр улс орны хэмжээнд эдийн засаг өсч байгаа ч энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Тийм болохоор Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг нэмэгдүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэндээ хүргэхэд чиглэсэн тодорхой шийдвэрийг ойрын үед Засгийн газар гаргана. Харин орон нутгийн удирдлагууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчид, хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллах нь зүйтэй гэлээ.
Цахим хурлаар орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцсон.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд үлийн цагаан оготно устгалын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас оготно устгалын бактержуулсан будааны хуваарийг ойрын үед хийж өгөхгүй бол устгал хийх тохиромжтой хугацааг алдах эрсдэл байгааг хэллээ. Мөн 2018 онд 10 гаруй суманд малын шүлхий өвчин гарч, 900 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Үүнээс 400 сая орчим төгрөг нь шийдвэрлэгдсэн, үлдсэн 500 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад уламжиллаа.
Түүнчлэн 2019 оны батлагдсан төсөвт төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ дутаж байгаа асуудлыг хөндөөд Сангийн яаманд чиглэл өгч, асуудлыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас хүсэв.