Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг салбарынхаа хэмжээнд зохион байгуулахаар "Инээмсэглэл-Эерэг хандлага" уриатайгаар нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Э.Хүдэрчулуун болон эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Удирдлагын академийн Төрийн удирдлагын багш доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, Төрийн удирдлагын багш доктор, дэд профессор М.Амартүвшин нар уригдан “Ёс зүй, харилцаа хандлага, Үйлчилгээний менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад БОЭТ, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 120 эмч, мэргэжилтэн хамрагдаж харилцаа хандлага, ёс зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, сургагч багшаар бэлтгэгдлээ. Сургалтаар Өөрийгөө болон бусдыг танин мэдэж удирдах нь, Хамт олны сэтгэл зүйн уур амьсгал, Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ, Иргэдийн үнэлгээнд тулгуурлан үйлчилгээг сайжруулах нь зэрэг сэдвүүдээр оюуны мэдлэгийг нэмэгдүүлсэн нь эмч, мэргэжилтний талархлыг хүлээсэн үр дүнтэй сургалт боллоо хэмээн оролцогчид хэлж байв.