Өвөрхангай аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж байгаа “Жендэр ба хүний эрх” сургалтад хамрагдаж байна. Энэхүү сургалт нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад жендэрийн мэдрэмжтэйгээр шийдвэр гаргах, бодлого төлөвлөлт боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, жендэрийн нэгдсэн ойлголтыг өгөх зорилготой юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг сургалтын эхэнд үг хэлэхдээ “Хүмүүсийн нийтлэг ойлголт нь жендэрийг эмэгтэйчүүдийн эрх гэж ташаа ойлгоод байдаг. Угтаа жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн асуудал юм. Эдийн засаг нийгэм, улс төрийн бүхий л оролцоон дээр тэгш байх ёстой. Энэхүү зарчмыг төрийн байгууллагын удирдлагууд шийдвэр гаргахдаа хэрхэн хэрэгжүүлж, цаашдаа бодлого үйл ажиллагаандаа тусгах талаар бид арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл сургалтыг зохион байгуулна.” хэмээв.
Сургалтад оролцогчид “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн үндсэн ойлголт, онол, хандлага, Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт, Жендэрийн ялгаварлан гадуурхалт, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа, Байгууллага дахь жендэрийн тэгш байдал сэдвүүдийн хүрээнд нэгдсэн ойлголт авч байна.