• Албан ёсны цахим хуудас
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг сайшаав

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн хурал өнөөдөр боллоо.    

Дүнгийн хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцов.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж,  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн хэрэгжилтийг төрийн захиргааны байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

Тус хяналт шалгалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс тус тус хамрагдсан. Ажлын хэсэг байгууллагуудын холбогдох баримт бичгүүдэд шинжилгээ хийж, албан хаагчдаас санал асуулга авах хэлбэрээр хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Оюунчимэг  Өвөрхангай аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн  боловсруулалтыг сайшааж, тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгаас төсөв санхүүгийн асуудал дээр анхаарч ажиллахыг сануулав. Мөн Салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах, жендэрийн сургагч багшаар бэлтгэгдсэн төрийн албан хаагчдыг идэвхтэй ажиллах шаардлага байгааг хэллээ. Түүнчлэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг олон нийтэд сурталчлан таниулах ажил орхигдож буйг шүүмжиллээ.

 “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-д төрийн албанд ажиллах эрэгтэй, эмэгтэй хүний хүйсийн тэнцвэрт байдлыг квотоор тогтоосон байдаг. Гэвч энэ хуулийн заалт амьдрал дээр хэрэгжих боломжгүй байна. Учир нь төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэн тухайн ажлын байранд томилогддог. Хуулийг хэрэгжүүлж байгаа түвшинд  энэ шаардлагыг биелүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байна” Тиймээс хуулиа эргэж харах шаардлага зайлшгүй бий хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд Жендэрийн Үндэсний хорооны гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгт уламжиллаа.

 

 

 

2019-04-10 18:46:32