• Албан ёсны цахим хуудас
“Эх хүүхдийн эрүүл мэндэд Бидний оролцоо” салбар дундын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Аймгийн хэмжээнд эх хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч байгаа хэдий ч улс аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй, жирэмсний эрт үеийн хяналт зорилтот түвшинд хүрэхгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудалд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор “Эх хүүхдийн эрүүл мэндэд – Бидний оролцоо” салбар дундын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Ундрах, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Э.Хүдэрчулуун, аймгийн Цагдаагийн газрын төлөөлөл, сумдын багийн Засаг дарга нар, БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн ортой эмнэлгийн удирдлагууд, мөн эх хүүхдийн асуудал хариуцсан эмч нар, эх баригч, багийн эмч нар, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл нийт 150 хүн оролцов.

Зөвлөгөөнөөр “0-5 насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлт, дүгнэлт”, “Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн байдал, зонхилон тохиолдож буй эмгэг”, “Охидын дундах үр хөндөлт, жирэмслэлт, төрөлт”, “Эхийн ноцтой хүндрэлд хийсэн судалгаа, дүгнэлт /сүүлийн 2 жилээр/”, “Өсвөр үеийнхний дундах БЗДХ-ын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлууд”, “Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл, байдал”, “Хүүхдийн эрх, сэтгэл зүйн онцлог” зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийгдэж, харилцан санал солилцлоо.

Зөвлөгөөний үеэр сумдын багийн Засаг дарга нарт эх, хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудаар сургалт, сум, өрх, хувийн хэвшлийн эмч нарт эх, хүүхдийн эрүүл мэндэд тусламж үзүүлэхэд анхаарах асуудлуудаар сургалт өгч, шинэ мэдээ, мэдээллээр мэдлэгийг нэмэгдүүллээ.

 

 

2019-04-11 12:39:36