Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос манай аймгийн “БАТСУРВАЛЖ”, “ГАНТИГ”, “ХАППИДЕНТ” хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж, хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ.
Эрүүл мэндийн сайдын баталсан “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.