Өнөөдөр /2019.04.11/ Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж, эмч, эмнэлгийн ажилчид байгууллагынхаа гаднах талбай болон ойролцоох автозамын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, лоозон барьж, дуу хоолойгоо нэгтгэн жагслаа.
Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд "Хурдаас хас", "Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас бүү хэрэглэ", "Суудлын бүсээ бүслэхэд хоёрхон хором", "Бүү уралд, зайгаа барь" стикер наалтыг нааж, "Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье" мэдээлэл, сурталчилгаанд 200 гаруй жолоочийн анхаарлыг хандууллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай байна. Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүүхэд 2.3 дахин өссөн байна.
Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлж байгаа эмч нарынхаа санал санаачлагаар эмч нар ард иргэддээ хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.