Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг аймгийн Аюуш баатрын талбайд зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Я.Жаргал болон мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн 3 төв, шүдний хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш нар, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
“Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд нэг удаа хамрагдах ба дараагийн ээлжинд 7-12 насны хүүхэд хамрагдахаар удирдамжид тусгажээ.
Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.
Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх юм.
Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 1-ний өдөр эхлэх бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн “Батсурвалж”, “Хаппи дент” хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд үзлэг, оношилгоо, эмчилгээг хийх юм.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар 2-6 насны 13606, 7-12 насны 13543 хүүхэд бүртгэлтэй байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 6 настай зорилтот бүлгийн 903 хүүхдээс 807 хүүхдийг хамруулахад 80,0 хувь нь, 12 настай зорилтот бүлгийн 663 хүүхдээс 607 хүүхдийн хамруулахад 76.2 хувьд нь шүдний цоорлын тархалт илэрсэн байна.