Өвөрхангай аймгийн удирдлагууд сар бүрийн эхний өдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, өнгөрч буй сарын хугацаанд гаргасан бодлого шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэдэг уламжлалтай.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар албан ажлаар аймгаас явсан тул ИТХ-ын дарга Т.Гончигдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал нар хэвлэлийнхэнтэй уулзалт зохион байгууллаа. Шинэ оны эхний улиралд Өвөрхангай аймгийн удирдлагын хэмжээнд “Төрийн үйлчилгээний байгууллагуудын шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жилийн ажлын эхлэлийг тавихад гол анхаарлаа хандуулж, бодлогын шинжтэй үйл ажиллагааг явуулсан юм. Энэ хүрээнд 3 сард зохион байгуулсан ИТХТ-ийн хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хурлаар “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв”-ийн журам, “ Эрсдэлт бүлгийн эх, хүүхдийн хоол тэжээлийн сувилал байгуулах”, “Өсвөр үе-ирээдүйн эцэг, эхчүүд” хөтөлбөр, “Ажил олгогчдыг урамшуулах журам”, “Агаарын бохирдлыг бууруулах” хөтөлбөр зэрэг 10-аад чиглэлээр журам, хөтөлбөр баталжээ.
Уулзалтын үеэр шуурхай мэдээллийн 7032-1111 дугаарын утсанд ирж байгаа иргэдийн санал хүсэлт, мал төллөлт, хаваржилтын байдал, эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэж буй ажил үйлчилгээ зэргийг дурьдаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.