Улсын төсвийн санхүүжилтээр Арвайхээр хотод 50 ортой Хүүхдийн эмнэлэг баригдахаар төлөвлөгдсөн. Тус бүтээн байгуулалтын барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна.
БОЭТ-ийн хойд талд Стандарт, хэмжил зүйн газрын суурин дээр баригдах энэхүү эмнэлэг нь орчин үеийн стандартын шаардлага хангасан, дөрвөн давхар байх юм.
Барилгын ажлыг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад 5 компани өрсөлдсөнөөс "Хангамж-Өргөө" ХХК шалгарч уг ажлыг гүйцэтгэхээр болсон. Гүйцэтгэгч компаниас барилгын ажлыг энэ оны 11 дүгээр сард багтаан дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөө мэдэгдэв.
Эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, БОЭТ-ийн дарга Э.Хүдэрчулуун, "Хангамж" группын ерөнхий захирал Н.Батхүү, гүйцэтгэх захирал Г.Чулуунбаатар, хүүхдийн гавьяат эмч Ч.Банзар болон БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хамт олон бусад төлөөлөгчид оролцлоо.
БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Булган аймгийн Рашаант сумын харъяат 20 орчим мянган хүүхэд үзүүлж, 2400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.
БОЭТ-ийн Хүүхдийн тасаг анх 1956 онд 15 ортойгоор байгуулагдаж, 1977, 1981 онд өргөтгөж байсан ч өдгөө ханиад томууны үед тус тасгийн 40 орыг 100 хүртэл нэмэгдүүлж, эмч сувилагчид багагүй ачаалалтай ажилладаг юм. Ийнхүү Өвөрхангайн хүүхэд, багачууд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зориулалтын эмнэлэгтэй болно.