Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах нь” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт, санхүүжилт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг хэрхэн тооцож, шинжилгээ хийх арга зүй, аргачлалын талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн ил тод, цахим системийг боловсруулан системийг хэрхэн ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар мэдээлэл сонсож, аргазүйд суралцаж байна.
Сангийн яам, Дэлхийн банктай хамтран энэхүү арга зүй, аргачлалыг Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлагдсан 2020 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцож, олон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч эрэмбэлсний үндсэн дээр төсвийн төсөлд тусгах боломж бүрдэж байгаа юм.
Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шинэчлэл хийгдэж, улсын төсвийн хөрөнгийн зардлын үр ашгийг сайжруулах томоохон алхам бий болох ажээ.