“Төрийн худалдан авалтад орон нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, захиалга, засвар эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас худалдан авдаг байгууллагуудын дарга, эрхлэгч нарыг нягтлан бодогчдын хамтаар урьж оролцуулав. Хэлэлцүүлгээр хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцсыг орон нутгаас худалдан авахад тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэв.
Төрийн байгууллагуудын зүгээс оёдлын үйлдвэр, захиалга, засвар эрхлэгчдэд хандаж хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцасыг чанартай материалаар биеэс хэмжээ авч хугацаанд нь нийлүүлэх боломжтой үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн үйлдвэрлэл эрхлэгчид, захиалагч байгууллагын хүссэн загвар, хэмжээ, материалаар цаг хугацаанд нь чанартай үйлдвэрлэн нийлүүлэх бүрэн боломжтойгоо энэ үеэр хэлж байв.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Баясгалан нар энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хүргэж төрийн худалдан авалтад орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авахыг төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгож цаашид оёдлын үйлдвэр, захиалга засвар эрхлэгчдийг бүлэг болон хоршиж ажиллахыг уриалж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Ийнхүү хэлэлцүүлгийн үр дүнд төрийн байгууллагуудын хөдөлмөр хамгааллын болон сургуулийн дүрэмт хувцсыг орон нутгийн үйлдвэрлэгчдэд захиалан нийлүүлж байх нэгдсэн ойлголтод хүрлээ.