Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 89 дүгээр тогтоолоор Өндөр гэгээний өлгий нутаг Есөнзүйл сумын нутагт орших Зүүн хайрхан уулыг аймгийн тахилгат хайрханаар өргөмжилж, 4 жилд нэг удаа тахихаар шийдвэрлэсэн байдаг.
Хангайн нурууны их уулсын нэгэн бүл Зүүн хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газар хамтран зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 12-нд зохион байгуулж, "Зүүн хайрханаа"-аа 2 дахь удаагаа тайж тахилаа.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Зүүн хайрханыг тахих ажлын хэсгийн дарга Ц.Ганболд, сумдын удирдлагууд, нутгийн уугуул, суугуул иргэд болон зэргэлдээх сумдын иргэд, хөдөлмөрчид өргөнөөр цугларан, чуулж, сүслэн, залбирав.
Зүүн хайрханы тахилгад Гандантэгчинлэн, аймгийн Ганданпунцоглин хийд, Шанх, Бээлийн хүрээ, Яргайтын сүмийн лам хуваргууд Түмэн дэмбэрэлийн юүлтий /газар, орны угаалга/ Зүүн хайрханы сан ариулга, Арван гурван сан, Намдаг сан тэргүүтэй номуудыг айлдаж, Лусын бумба залсан юм.
Энэ үеэр “Өндөр гэгээний авшиг-2019” зүүн бүсийн хурдан морин уралдаан, бэсрэг наадам болж, хүчит 64 бөхийн барилдаан, үндэсний эрэгтэй сурын харваа, 5 насны морьдын уралдаан зохион байгуулагдав.
Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Зүүн хайрхан уулыг хуучин Түшээт хан аймгийн Далай гүний хошуу, Түшээт ханы хошууныхан, Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошууныхан “Оролгон буюу Зүүн хайрхан уул”-аа тайж, тахиж ирсэн өнө эртний уламжлалтай билээ.
Зүүн хайрхан уул нь газарзүйн байршлаараа Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Сант, Хужирт, Баян-Өндөр сумдын уулзварт байрладаг амьтан, ургамлын арвин төрөл зүйл, сан хөмрөгтэй, ус ургамал нь тэгширсэн, үзэсгэлэнт сайхан өгөөмөр баян уул юм.