Нэгдсэн Үндсэний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваар ахлуулсан баг бүрэлдэхүүн энэ сарын 13-наас 14-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тус бүрэлдэхүүнийг өнөөдөр/2019.05.14/ аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Каори Ишикава “Өвөрхангай аймаг нь эхийн эндэгдлийг бууруулж чадсан, мөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг орон нутгийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ.
Тэрээр өсвөр үе, залуучуудын дунд хүсээгүй жирэмслэлт түүнийг дагасан үр хөндөлт их байна. Үр хөндөлтөөс үүдэж эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ чиглэлрүү орон нутаг төдийгүй улсын хэмжээнд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг хэллээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд “Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрыг аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд барихаар бэлтгэл ажил хийгдэж байна. Ингэснээр хамгаалалт илүү сайжирна гэж бид үзэж байгаа. Өсвөр насны хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн боловсрол олгох, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэ онд аймгийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж ашиглалтад орно. Ингэснээр БОЭТ-ийн ачаалал буурч, өрөө тасалгаанууд суларна тэдгээрийг ашиглаж, анхаарал татаж байгаа өвчлөлүүдийг бууруулах арга хэмжээг дорвитой авна гэв.
НҮБ-ын Хүн амын сангаас аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эх барихын тасагт шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх юм.