ХАХНХЯ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэл” чуулган зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Өвөрхангай аймагт сарын аяныг зарлаад байна. Аяны хүрээнд хийх ажлын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олон нийтэд хүргэсэн юм.
Сарын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, үйлчилгээ, сэтгэлзүй, асаргаа сувилгааны сэдвээр төрөл бүрийн хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулах аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал хүсэлт авах зорилгоор аймгийн ЗДТГ-т 7032-1111, ЭМГ-т 7032-3536, Нийгмийн хөгжлийн хэлтэст 7032-3086, Хөдөлмөрийн хэлтэст 7032-3190, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 7032-3231, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст 7032-3355 дугаарын утсыг ажиллуулж байна.
Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөрийг баталж, 2013-2016 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, нийгмийн идэвхитэй амьдралыг сайжруулах, эрт оношилж, өвчлөлийг илрүүлэх, сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулах, олон нийттэй харилцах, хөгжих чадварыг нэмэгдүүлэх зорилтуудыг тавиад байна.