"Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг 2019 оны 6 дугаар сарын 17-ноос эхлэн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Ш.Дариймаа, Архивын ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Т.Түвшинтөгс нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хархорин, Хужирт сумдад ажиллаад өнөөдөр аймгийн төвд хүрэлцэн ирлээ.
Тус ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Г.Ганболдоор ахлуулсан орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзав.
Энэ үеэр Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Дариймаа хэлэхдээ: Архив албан хэргийн ажлыг төрийн албан хаагчид явуулдаг. Тиймээс энэ оны улсын үзлэг нийт төрийн албан хаагчдын ажлын зохион байгуулалтыг үзэж, шалгахад чиглэж байгаа. Байгууллагын архивт 2016-2018 оны баримтаа хүлээлгэн өгсөн актын дагуу, хэрэг бүрдүүлж, эмхэлж цэгцэлсэн, баталгаажуулсан байдлыг үзэж шалгана. Салбар комиссын нэгдсэн дүнгээс хамаарч байгууллагуудыг сонгож, үзлэг явуулна” гэв.