Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Есөнзүйл, Өлзийт сумын төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн дунд “Архигүй орчин-Эрүүл амьдрал” уриан дор гар бөмбөг, сагсан бөмбөг, теннисний тэмцээнийг зохион байгууллаа. Орон нутагт нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ойр зэргэлдээх сумдын бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, харилцан түншлэлийг сайжруулах зорилготой уг нөхөрсөг тэмцээний гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрөлд дээрхи хоёр сумаас тус бүр 4 баг, теннисний тэмцээнд нийт 12 тамирчин хурд хүчээ дайчлан өрсөлдөж, Өлзийт сумын баг тамирчид тэргүүн байр эзэлснээр шилжин явах Гран-при цомыг гардан авлаа.
Эрүүл, идэвхитэй хөдөлгөөнийг сурталчилсан тэмцээний үеэр сумдаас ирсэн оролцогчид хоорондоо танилцах, нэгнээсээ суралцах, ажил мэргэжлийн туршлага судлах зэрэг давуу тал олон байсан учраас жил бүр өргөн хүрээнд зохион байгуулж, шилжин явах цомыг хадгалуулж байхаар болсон юм. Тус тэмцээнийг аймгийн ИТХ-д Есөнзүйл сумаас сонгогдсон төлөөлөгч, аймгийн ХАҮТ-ийн дарга Н.Золзаяа санаачлан хэрэгжүүлсэн байна.