• Албан ёсны цахим хуудас
Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн оюутнууд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, өнөөдөр/2019.08.14/ Л.Аюуш баатрын талбайд цэргийн тангарагаа өргөлөө.

Тодруулбал: Батлан хамгаалахын сайдын 2019 оны 97 дугаар тушаалаар дээрх гурван аймгийн оюутнууд тухайн аймагтаа хичээлийнхээ хажуугаар “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтад  2 сарын хугацаанд хамрагдсан.

Харин дараагийн шатны сургалт буюу “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2019 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд дүүргэж, цэргийн алба хаасан юм.

Цэргийн алба хаах хэлбэрт чухал шинэчлэл болсон энэхүү сургалт нь цэргийн насны оюутан залууст иргэний цэргийн үүргээ биелүүлж, суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай бөгөөд  4 сарын хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хаах юм.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, эцэг, эхийн төлөөлөл оролцов.

 

2019-08-14 18:52:46