Мал аж ахуй дээр суурилж, эдийн засгийн гол хөгжлөө тодорхойлдог Монгол улсад жил бүрийн хавар махны ханш “тэнгэрт тулж”, хот, хөдөөгүй хүнсний гол бүтээгдэхүүнээрээ хомсдолд орж эхэлдэг. Энэ үед махны үнийн хөөрөгдлийг бууруулах, ард иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, үнэ хямд мах нийлүүлэх зорилгоор төр засгийн зүгээс нөөцлөсөн махаа худалдаалж эхэлдэг ч хүн амд хүртээмжтэй хүрч чаддаггүй.
Өдгөө Өвөрхангай аймгийн төвд хонь, үхрийн мах 1 кг нь 7.000-12.000 төгрөгт хүрээд байна. Тиймээс Арвайхээрийн Засаг даргын шийдвэрээр “үүцээ” задалж, стандарт хангасан 13 дэлгүүрээр хонины махыг 5600,ямааны махыг 4600төгрөгөөр худалдаалж эхэллээ. Чингэхдээ ард иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд 7 хоногт 4 кг мах авах эрх бүхий талоноор үйлчилж байгаа юм. Өнгөрсөн намар Өвөрхангай аймгаас 66 сая төгрөгөөр 22 тонн мах нөөцлөжээ.