• Албан ёсны цахим хуудас
Аймгийн хэмжээнд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

Монгол улсад анх удаа хаягийн мэдээллийн санд суурилсан байшин орон сууцны тооллогыг баруун бүсээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Өвөрхангай аймагт байшин, орон сууцны улсын тооллого 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Тус тооллого нь аймгийн нутаг дэвсгэрт байгаа бүх өрхийн байшин, гэр, орон сууцыг хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашиглаж тоолж байгаагаараа онцлогтой юм.

Байшин, орон сууцны улсын тооллого 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 24 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд 42 тоологч бэлтгэгдэн хуваарийн дагуу сум, орон нутагт ажиллаж байна.

Байшин, орон сууцны тооллогод аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн тооллогын комисс, 19 сум,  111 багийн Засаг даргаар ахлуулсан тооллогын комисс, түр товчоод ажиллаж байгаа бөгөөд тооллогын зохион байгуулалтыг аймгийн Статистикийн хэлтэс хариуцан ажиллаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа айл, өрхийн амьдрах зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлэхэд улсын тооллогын зорилго чиглэж байгаа юм.

 

2019-08-20 17:36:31