Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулсан, иргэдийг орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн олон бүтээлч ажил хийгдэж байгааг ард иргэд мэдэж буй.
Тухайлбал шинээр цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулж, нийтийн эзэмшлийн газар ногоон байгууламжийг хэмжээг нэмэгдүүлж, мод бут тарих, зүлэгжүүлэх цэцэгжүүлэх ажлууд өнгөрөгч хавраас эхлэн өрнөсөн. Дээрх ажилд олон нийтийн идэвх оролцоо өндөр байсан билээ.
Мөн аймгийн төвийн гэр хороололд 15 км хатуу хучилттай зам баригдаж эхнээсээ ашиглалтад ороод байна. Оршин суугчдын аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 13 багт 120 цамхагт гэрлийг суурилуулж байна.
Түүнчлэн Гэндэнгийн гудамжинд 60 ширхэг гоёлын гэрэлт мод суурилуулах, Бутбат худалдааны төвөөс Талст төв хүртэлх зайд гэрэлт гудамж байгуулах ажил өрнөж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийтийн орон сууц, томоохон худалдаа, үйлчилгээний газрууд шинээр баригдаж байна.