Аймгийн Засаг даргын 2019 оны 367 дугаар захирамжаар Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын бүтэц хэв шинжийг өөрчлөн ерөнхий боловсролын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийг байгуулсан билээ.
“Тэмүүлэл-Эрдэм” сургууль нь гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай хичээллэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангидаа элсэлт авч, 10 бүлэг, 300 гаруй сурагч, 10 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Сургуулийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн нар оролцов.
Тус сургууль нь 3 дугаар ангиас англи хэл, 6 дугаар ангиас хятад хэлийг тус тус судлахаар төлөвлөж буйг сургуулийн захирал Х.Нямцэрэн онцлов.
“Тэмүүлэл-Эрдэм” сургууль дунд, ахлах ангидаа 2020 оны 1 дүгээр сараас элсэлт авах юм.