“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Өвөрхангай аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулган өнөөдөр/2019.09.09/ Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа.
Тус чуулганд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улс, Оросын холбооны улсын баатар, сансрын нисгэгч Хошууч генерал Ж.Гүррагчаагаар ахлуулсан төлөөлөгчид, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Өвөрхангай аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн нийт 350 гаруй хүн оролцлоо.
Энэхүү чуулганаар “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зорилго, зорилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар чуулж, Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийг байгуулсан юм.
Тус холбоо нь ард иргэдэд, хүүхэд залуучуудад үндэсний бахархалт үзлийг түгээх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах бөгөөд тодорхой чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх ажээ.