Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан мянган ахмадын чуулга уулзалтыг 2019 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Тарагт сумын нутагт байрлах "Өгөөмөр" сувилалд зохион байгууллаа.
Тус чуулганд Өвөрхангай аймгийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 11.0 мянга гаруй ахмад настныг төлөөлж мянган ахмад настан оролцсон юм. Чуулганаар ахмад настнууд руу чиглэсэн төр засаг, аймаг, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, тэдний санал бодлыг сонссон бөгөөд чуулганд оролцсон мянган ахмадаас нийт Өвөрхангайчууддаа хандаж уриалга гаргалаа.
Ахмад настны нийгмийн хамгаалал, төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, ахмадын туулсан амьдрал, хөдөлмөрлөсөн арвин баялаг туршлагыг залуу хойч үед түгээн дэлгэрүүлэх, тэдний мэдлэг чадавхийг залуучуудад өвлүүлэн үлдээх зорилгоор ахмадыг уулзуулж, харилцан туршлага, мэдлэг солилцуулах, нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэхэд чуулганы зорилго оршиж байгаа юм.
Чуулга уулзалтын үеэр ахмадууд өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, урлаг, спортын тэмцээн уралдаанд хүч сорьж, амьдралын арвин туршлагаасаа харилцан солилцов.
Мянган ахмадын чуулга уулзалтыг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран зохион байгуулав.