• Албан ёсны цахим хуудас
"Хүний эрхийн нээлттэй өдөр" манай аймагт болж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Арвайхээр хотноо 2019 оны 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2019.10.02/ аймгийн Засаг дарга Г.Ганболд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хэлэхдээ: “Хүний эрхийг ярихын тулд “Хүний эрх” гэж юу вэ? гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх бол хүн нийгэмдээ амьдрах боломж, нөхцөлийг хэлж байгаа юм. Бид өөрсдөө амьдрах боломж, нөхцөлөө бүрдүүлж, түүнийг төр хангаж өгнө. Хүн байгаа цагт хүний бүх боломж нөхцөл хөндөгдөж байдаг. Хүний эрхийн асуудал хүн бүрт хамаатай. Тийм ч учраас энэ талаар ард иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөхөөр “Хүний эрхийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна хэмээв. Тус уулзалтад Өвөрхангай аймаг дахь төрийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцож, хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцсон юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь орон нутгийн иргэд, төрийн үйлчилгээг хүргэж буй албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголт олгох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийх зэрэг цогц ажиллагааг жилд 10 гаруй аймагт явуулж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

 “Хүний эрхийн нээлттэй өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 2019 оны 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд болно. Уг арга хэмжээний үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссоос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн захиргааны байгууллага, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага хийхээс гадна "Хүний эрхэд суурилсан хандлага" сургалтыг дээрх байгууллагуудын төлөөлөл 120 орчим хүнд хийхээр төлөвлөжээ.

Мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байр, ШШГ-ын Цагдан хорих байранд шалгалт хийх, Хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас сүүлийн үед гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, шийдвэрт дүн шинжилгээ хийх, МҮЭХ-той хамтран хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.

 

 

2019-10-02 00:00:00