• Албан ёсны цахим хуудас
“Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа

Өнөөдөр аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас “Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 4 бүлэг 22 зорилт 130 заалт бүхий төслийг боловсруулан хуулийн хугацаанд өргөн барьж байна.

Ирэх онд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн бодлого, төлөвлөлтийг түлхүү хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг энэ салбарт зарцуулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Тухайлбал Хархорин сумын газар тариаланг түшиглэж тус суманд томоохон гурилын үйлдвэр байгуулах юм. Мөн ард иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын анги дүүргэлтийг буулуулж, чанар хүртээмжид дэвшил гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч төсөв хөрөнгө зарцуулахаар энэхүү төсөлд тусгагдсан.

 

 

2019-10-04 13:22:11