Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой цаг үеийн ажлаар ярилцлаа.
-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр байна. Отор нүүдлээ яаж зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?
- -Зуншлага тааруу, газар гандуу байсан, малын тоо толгой өсч, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг олон шалтгааны улмаас энэ жилийн өвөл хүндхэн болж мэдэхээр байна. Тавхан сумын малчид л нутагтаа өвөлжих боломжтой, бусад нь аль аятайхан газар руу отор, нүүдэл хийхээс өөр аргагүй байгаа юм. ХХААХҮЯ-ны Отрын бүс нутгийн захиргаанд манайхаас мянгаад айлын 530 мянга орчим мал отроор өвөлжих зайлшгүй шаардлагатай гэх хүсэлтийг хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын орлогч болон ХХААГ-аас отор нүүдэл хийх боломжтой бүс нутгуудыг тогтоох, хөрш зэргэлдээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзах зэргээр хөдөө орон нутагт ажиллаж байна.
Өвс тэжээлийн нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлж байгаа. Улсын нөөцийн дөрвөн салбарт өнгөрсөн жилийн үлдэгдэл болох 700 тонн өвс, 800 тонн тэжээл бий. Сэлэнгэ, Булган аймгаас өвс татах ажлыг зохион байгуулж байна.
- -Малчид малаа эдийн засгийн эргэлтэд хэр борлуулж байгаа бол. Махны үйлдвэр байгуулснаар махны үнэ дийлдэхээ байлаа гэсэн бухимдал иргэдийн дунд бас байх шиг байна?
- -Махны үнэ өсч, буурах нь үйлдвэртэй ямар ч хамаагүй. Улсын хэмжээнд нэг л үнээр авч байгаа. Тэгээд ч манай малчид муудсан, ядарсан малаа л махны үйлдвэрт авчирч өгдөг юм. Өвлийн улиралд ч туйлдсан малаа авчирч өгчихөөд хэдэн цаас өвөртлөөд буцдаг юм билээ. Махны үйлдвэр нь малчдыг эрсдэлээс хамгаалахад чухал үүрэгтэй гэж хэлж болно. Муу малаа борлуулж чадахгүй бол хавар баахан сэг зэм устгах л ажилтай болно шүү дээ. Малын, махны үнэ өндөр байх нь малчдад ч, иргэдэд ч, аймагт ч ашигтай. Малчдын орлого сайн байвал худалдаа наймаа эрхлэгчдэд ч давуу тал болно.
- -Ирэх жил Хархоринд гурилын үйлдвэр байгуулна гэж сонссон. Хуучин гурилын үйлдвэрийг сэргээх үү?
- -Тиймээ, ирэх онд Хархорины гурилын үйлдвэрийг сэргээх бодолтой ажиллаж байна. ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж, өрөнд хураагдчихсан байгаа гурилын үйлдвэрийг орон нутгийн өмчтэй болгох хүсэлт тавьсныг нааштай шийдвэрлэж өгсөн.
-Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд утааны асуудал хөндөгдөж эхэлдэг. Үүнийг урьдчилаад хэрхэн шийдвэрлэж байна вэ?
- -Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Гэвч нүүрсний шинж чанараас шалтгаалсан хүндрэл бэрхшээл бас гарч байна. Арвайхээрт томоохон уурын зуухнуудад усан шүүлтүүр тавьж эхэлсэн. Энэ ажил үр дүнтэй байгаа боловч Баянтээгийн нүүрсний чанар маш хүнд, үнс тортог, хөө ихтэй учраас ус их хэмжээгээр орж байгаа юм. Утааг цэвэршүүлэхэд нэг удаагийн ээлжээр 20 тонн ус ордог. Хятадад нүүрсний дундаж чанартай уурын зууханд 20 тонн усаар цэвэршүүлэхэд бүтэн сар ашиглаад бохирддог бол манайд ердөө хоёр л хонож байна. Өвлийн хүйтэн улиралд байнга ус солино гэдэг амаргүй. Тиймээс эхний ээлжид 3-4 зууханд усан шүүлтүүр суурилуулж туршиж үзэж байгаа. Уг нь утаа маш сайн шүүгдэж, цагаан өнгөтэй гарч байгааг та нар ажигласан байх. Энэ жил туршиж үзээд болохгүй бол ирэх жил шүүлтүүрийн усаа ихэсгэж, 40-50 тонн болгох, хөө, ус хоёрыг ялгах бодис хэрэглэх гэхчлэн арга хэмжээ авна.
Баянтээгийн уурхайг түшиглээд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Мөн Арвайхээрт 10 гаруй км засмал зам тавьж, орон сууц, байгууллагуудын гадна авто зогсоол, талбайг байгуулсан. Энэ нь тохижилтын ажил мэт боловч нөгөө талдаа замын тоосжилтыг бууруулахад чиглэсэн нэг ажил юм. Эдгээр цогц ажлуудын үр дүнд агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасна гэж бодож байгаа.
- -Дулааны станц барих ажил хийгдэж байгаа болов уу?
- -Дулааны станцын ажлыг графикийн дагуу хийж байгаа. БНСУ-ын EXIM банкны хөнгөлөлтэй зээлээр барьж байгаа учраас тавигдах шаардлага их. Судалгаа, дүн шинжилгээ, зураг төсөл, зөвлөх үйлчилгээ гээд бүгд хуваарийн дагуу явж байна. Дулааны станц барихад шаардагдах шугам сүлжээний зургийн тендерийг зарлачихсан байгаа. Станцын ажил 2020 онд эхэлж, 2021 онд ашиглалтад орно. Дулааны станцыг бариад болчих юм биш, дараа нь холболт хийх гэж асар их ажил өрнөнө.
Энэ жил Өвөрхангай аймагт бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөлөө. Одоо ондоо багтаж ашиглалтад орох барилгууд бий юу?
- Аймагт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд нь Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллаганы хөтөлбөрт тусгагдсан зорилтууд юм. Энэ жил Арвайхээрт хамгийн их хийсэн нь зам, талбайн ажил. Аймгийн төвд 12.6 км авто замыг тавьж, 14 байгууллагын гадна зогсоолын талбай байгуулсан. Хөдөө сумдад ч зам тавих, засварлах, гүүр барих ажил багагүй хийсэн.
- Арвайхээрт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын барилга, 320, 928 хүүхдийн сургууль, спорт заалууд, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, кино театр, устан спортын цогцолбор гээд олон барилга байгууламжийг эхлүүлж, түрүүчээсээ ашиглалтад ороод байна.
- Сумдад хөрөнгө оруулалтын ажил нэлээн хийж байгаа. Бүрд, Тарагт, Гучин-Ус суманд Соёлын төвийн барилга ашиглалтад орсон, Баян-Өндөр суманд спорт заал, Сантад хүүхдийн цэцэрлэг барисан. Өлзийт суманд 320 хүүхдийн сургууль, Баянгол суманд соёлын төв, Төгрөг суманд спорт заал, Богдод 320 хүүхдийн сургууль, Баруунбаян-Улаанд сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, Хайрхандулаан суманд 240 хүүхдийн сургууль удахгүй ашиглалтад орох гэж байна. Тарагтад сумын ЗДТГ, спорт заалны барилга барьж байгаа. Уянга суманд Соёлын төв, Жаргалант багт 120 хүүхдийн сургууль ашиглалтад орсон. Бат-Өлзий суманд Орхон голын гүүр, Цагаанголын гүүр барьж байна. Хужиртад бетонон гүүр, авто зам, хөл бөмбөгийн талбай, цэцэрлэг гээд олон бүтээн байгуулалт өрнөсөн. Хархоринд ч ялгаагүй, 320 хүүхдийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэг, шашны сургуулийн 100 хүүхдийн дотуур байр гээд хөрөнгө оруулалтын ажил их хийсэн.
- Бүтээн байгуулалтын ажил ярьсных Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км авто замын ажлыг тодруулъя?
- Тус замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар УИХ-аас баталж, саяхан Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч нар санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Хөрөнгө, мөнгөний асуудал шийдэгдсэн учраас энэ 11 сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх хавар үндсэн ажил эхэлнэ. 2020 ондоо багтаж ашиглалтад оруулна.
- Мэдээлэл өгсөнд тань баярлалаа.
Ярилцсан Б.Батчимэг