• Албан ёсны цахим хуудас
"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас  Эрүүл мэндийн сайдын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлыг эхлүүлж, “Иргэдээ сонсъё” сарын аяныг зохион байгуулж байна.  

Аяны нээлтийг 4 сарын 12-ны өдөр зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, ЭМГ-ын дарга Ц.Анхтуяа, БОЭТ-ийн захирал А.Эрдэнэтунгалаг нар оролцон “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 500 орчим иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Мөн ийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай эрхийн бичигтэй иргэд болон өдөрлөгт оролцсон иргэдийг өрхийн, дотор зүрх судас, мэдрэл, мэс засал, гэмтэл, эх барих эмэгтэйчүүд, дотоод шүүрлийн эмгэгийн эмчийн үзлэгт хамруулж,  зөвлөгөө өгөн, эрхийн бичигтэй иргэдэд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй олголоо.

Түүнчлэн өдөрлөгт оролцсон иргэдэд “Цусны даралт ихсэлт-чимээгүй тахал” сэдэв дор халдварт бус өвчнөөс сэргийлэх, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл сурталчилгаа явуулж, биеийн жингийн индексийг тодорхойлон  зөвлөгөө өглөө.

Тус арга хэмжээг зохион байгуулснаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх ажилд иргэдийн татан оролцуулах, тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах шаардлагатай байгааг тодорхойлсон ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм. “Иргэдээ сонсъё” арга хэмжээг бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

                                                                                                                                                          ЭМГ-ын ОНХА мэргэжилтэн Г.Цэндсүрэн

2013-04-15 02:58:56