• Албан ёсны цахим хуудас
Аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар Франц улсад өргөн ашиглагдаж буй оношилгоо, эмчилгээний арга, технологоос суралцлаа

Франц улсын Аллер мужийн Мулан хотын нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ив Шани, эх баригч Марилин Тэувс нар APAU нийгэмлэгийн хүрээнд Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, дурангийн мэс засалч, арга зүйч эмч нарын хамт аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд ажиллалаа.

Ажиллах хугацаандаа аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт шээс задгайрлын эмгэг, үтрээний булчин чангалах мэс заслын эмчилгээнд Франц улсад өргөн ашиглагдаж буй оношилгоо, эмчилгээний арга, технологийн мэдлэг олгох, эх баригч нарт ургийн зүрхний бичлэг, ургийн мөр тээглэх, үүнтэй холбоотой бэрхшээлийн үед авах аргачлалын тухай мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулав.

 Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, дурангийн мэс засалч Б.Ганхуяг аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран үргүйдлийн үеийн дурангийн мэс заслын оношилгоо, эмчилгээг 3 хүнд, шээс задгайрлын үеийн ТОТ мэс заслын эмчилгээг 5 хүнд тус тус амжилттай хийлээ. Үргүйдлийн үеийн дурангийн мэс заслыг анх удаа хийж байгаагаараа онцлог байв.

Мулан хотын нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ив Шани хэлэхдээ “Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар маш сайн байна. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн үеийн анхан шатны оношилгоог маш сайн хийдэг юм байна. Орон нутагтаа үргүйдлийн үеийн дурангийн оношилгоог хийх эмч нарын чадвар сайн байна. Харин дурангийн хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээв.

 

 

2019-10-24 10:17:30