Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар Арвайхээр суманд 4 сарын 17-ны өдөр ажиллалаа. Сайд нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч, ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн удирдлагаас явуулж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийг танилцуулж, Шадар сайдын зүгээс ирэх дөрвөн жилд баримталж байгаа шинэчлэл, хариуцлагын тухай ойлголт өглөө. Мөн эрүүл мэндийн сайд Н.Удвал Өвөрхангай аймагт эрүүл мэндийн асуудлаар ярих зүйл их байна гээд хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Тус өдөр Шадар сайд Д.Тэрбишдагва аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраар, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөр орж, үйл ажиллагаатай нь танилцсан ба ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа эмч, мэргэжилтнүүдийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Эрүүл мэндийн сайдад хандан Халдвартын эмнэлгээр ороод гарах хүсэлт тавьж, нурах шахсан тэр барилгыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн орон тоо, санхүүжилтэнд анхаарах, эмзэг бүлгийн эх, хүүхдийн хоол тэжээлийн сувилал байгуулахад 10 орны асуудлыг шийдвэрлэж өгөх зэрэг хүсэлт тавьсныг сайд хүлээн авч, Халдвартын эмнэлгийг 2014 оны төсөвт суулган шинээр барихад анхаарахаа илэрхийллээ.
Түүнчлэн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, төр засгийн болоод МАХН-ын бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. МАХН-аас 2013 оныг “Шударга ёсны аян” болгон зарлаж, энэ хүрээнд орон нутагт ажиллан, ард иргэдийн санал сэтгэгдлийг сонсож яваа аж.