Өнөөдөр 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр. Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан ард иргэдэд тайлагнадаг уламжлалтай. Аймгийн Засаг дарга Г.Ганболд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.
Тэрээр өнгөрөгч 10 дугаар сарыг аймгийн хэмжээнд ажил, хөдөлмөр ундарсан сар болж өнгөрснийг онцлов. Тухайлбал 1000 ахмадын чуулга уулзалт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн концерт, “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газраас ажлын хэсгүүд ажилласан тухай мэдээллэв.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах, отор нүүдлийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгүүд гарч бүх сумдад ажиллаад ирсэн. Энэ жилийн хувьд зуншлага оройтсон, үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, 10 гаруй суманд тархсан асуудал нь өвөлжилт хүндрэх хүчин зүйл болж байна. 2019-2020 оны өвөл, хавар манай аймгаас 750-950 орчим айл өрхийн 900.0 мянга орчим мал отроор явах урьдчилсан тооцоо байгаа. Өвөрхангай аймгийн малчдыг бусад аймгуудын нутагт отор нүүдэл хийхэд тухайн орон нутгийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн байдлаар хөөж туухгүй байх, хөрөнгө мөнгө нэхэхгүй байх чиглэлийг өгч ажиллах саналыг Засгийн газарт уламжилсан хэмээн аймгийн Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.
Түүнчлэн энэ 11 дүгээр сард УИХ-аар 2020 оны улсын төсөв хэлэлцэхтэй холбоотой ирэх оны хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүд, салбар яамтай санал солилцож, урьдчилсан байдлаар төсөв төлөвлөгөө гарган ажиллаж байна гэв.
Энэ онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хийгдсэн зарим барилга байгууламж, авто замуудын нээлтийг 11 дүгээр сарын дундуур хийхээр төлөвлөжээ.