Эрүүл мэндийн сайд Н. Удвал, ХШҮДАГ-ын дарга С. Төгсдэлгэр нар 2013 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр Өвөрхангай аймгийн ЭМГ-ын үйл ажиллагаатай танилцаж, 2012 онд хийж бүтээсэн ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилго зорилттой танилцахын зэрэгцээ БОЭТ, Халдвартын эмнэлэгээр орж ажил байдалтай танилцан эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн юм. Сайдын гол онцолж буй нэг асуудал бол Өвөрхангай аймаг улсдаа хүүхдийн эндэгдлээр тэргүүлж байгаа асуудлыг хөндсөн явдал байлаа. Энэ асуудалд эмч, мэргэжилтнүүдийг онцгой анхаарч ажиллахыг сануулж, нялхас, бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.
Харин ЭМГ-аас “Хүүхдийн эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч, эндэгдэл гайгүй аймгуудаас туршлага судлан “Жирэмсний давхар хяналтын тогтолцоо” –г нэвтрүүлж байгаа. Үүний үр дүнд жирэмсний хүндрэл буурсан. Цаашид хүүхдийн эндэгдлийн асуудлаар Сайдын өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу арга хэмжээ авч ажиллан, үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэдгээ илэрхийллээ.
Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд ч мөн бэрхшээл, тулгамдаж буй олон асуудал байгааг үгүйсгэх аргагүй гэдгийг Эрүүл мэндийн сайд эмч мэргэжилтнүүдтэй уулзах уулзалтын үеэр хэлж байсан юм. Тухайлбал Өвөрхангай аймаг хүн ам олонтой учраас эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангамж муу, эмнэлгийн байр байшин стандартад нийцэхгүй, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ бага гээд эмч мэргэжилтнүүдийн зүгээс тавьж буй асуудлыг хүлээн зөвшөөрч байсан.
Үүний зэрэгцээ энэ онд 82 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж Өвөрхангай аймагт хувиарлана гэдгийг мэдэгдсэн юм. Сайдын ажиллах үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол Халдвартын эмнэлгийн байрны асуудал байлаа. Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр Засаг дарга Д.Тогтохсүрэн Халдвартын эмнэлгийн барилгад эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас удаа дараа гаргасан тул шинэ барилга барих санхүүжилтийг шийдвэрлэх асуудлыг тавьсан юм. Ийнхүү Сайд салбарынхаа үйл ажиллагаатай танилцан, эмч мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцон, тэдний тавьсан, шийдвэрлэвэл зохих асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлж, аймаг болон салбарын удирдлагуудад гол анхаарч ажиллах асуудал дээр тухайлбал БОЭТөвийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэл зэрэгт онцгой анхаарах үүрэг чиглэл өглөө.
Мөн эрүүл мэндийн сайд Н. Удвал Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ иргэдийн дунд “Эрүүл мэнд – Иргэн таны оролцоо” нээлттэй хэлэлцүүлэг, "Нарны алхалт"-ыг зохион байгууллаа. Учир нь Шинэчлэлийн Засгийн Газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр буюу
· Монгол хүн Монголдоо орчин үеийн, чанартай эмчилгээ үйлчилгээ авах
· Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудал
· Эм, хүнсний аюулгүй байдлыг хангах
· Нийгмийн халамж шаардлагатай иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалж, төрөөс дэмжих таван зорилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Энэ ажлын хүрээнд болоод түүнчлэн Монголчууд билэгдлийн ард түмэн учраас “Уруудах доройтохдоо унтах идэх, өөдөлж дэвшихдээ сэрж сэтгэх” гэдэг үгийг санаж, Монголчууд тэр тусмаа залуучууд шөнийн амьдралаасаа салж нарнаасаа энерги авах, дасгал хөдөлгөөн хийж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, биеийн жингийн илүүдэл зэрэг Монголчуудад ихэвчлэн тохиолддог өвчлөлүүдээс сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг сурталчилж байгаа юм.
Мөн ЭМГ-аас тавьж буй “Идэвхтэй хөдөлгөөн”-ийг эрхэмлэсэн аймаг болж, улсдаа тэргүүлнэ гэсэн зорилтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр ард иргэдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байж, хийн дасгал тогтмол хийж байхыг уриалсан юм. Мөн иргэдтэй санал бодлоо солилцон тэдний хүсэлтийг хүлээн авсан юм. Эмнэлгийн зарим тусламж үйлчилгээ төлбөртэй байгаа нь ядуу, эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн дарамт учруулдаг тул эдгээр иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг тэр бүр авч чадахгүй байна. Иймд эмзэг бүлгийн иргэдэд тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх арга замыг бүрдүүлэх нь чухал. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Тухайлбал БОЭТ-ийн барилгын ажил 3 жил дамнаж байна, Халдвартын эмнэлгийн барилга хөгцөрсөн, ашиглах боломжгүй , зарим ӨЭМТ зориулалтын бус байранд байрладаг, хүйтэн, цана цохидог. Алслагдмал, нутаг дэвсгэр том, хүн ам ихтэй сумдад эмнэлгийн тээврийн хэрэгслийн шатахууныг нутаг дэвсгэр багатай, хүн ам цөөтэй эмнэлгийнхээс ялгавартайгаар тогтоодог болох, дуудлагын эмчийн нэгэн адил жолоочид илүү цагийн мөнгийг олгох, эмийн сангуудыг хяналтыг сайжруулах, ижил эмийг өөр өөр эмийн санд ялгаатай үнээр зарж байгааг цэгцлэх, ӨЭМТөвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, груп болон групын хурлын асуудал гээд иргэдийн зүгээс тавьсан олон асуултад хариулт өгч, шийдвэрлэвэл зохих асуудлыг хүлээн авсан юм.
ЭМГ-ын ОНХарилцах ажилтан Г. Цэндсүрэн