• Албан ёсны цахим хуудас
ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГУУД ЗӨВЛӨЛДӨЖ, ТУЛГАМДСАН АСУУДАЛДАА ГАРЦ ХАЙВ

 Салбарын удирдах ажилтнууд, 19 сумын ӨЭМТ-ийн эрхлэгч эмч, БОЭТ-ийн удирлагууд болон клиник албадын эрхлэгч, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг 70 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, 2013 оны зорилго зорилтоо тодорхойлсон юм.

2013 оныг ЭМГ-аас “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарласан. Тус зорилт нь  Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаагаараа онцлог. Эрүүл мэндийн салбарын харицлага, хяналтыг сайжруулах арга замыг тодорхойлсноор энэ салбарт тулгамдаж байгаа асуудал буюу иргэдийн зүгээс хамгийн их ирж буй санал, гомдол болох эмч мэргэжилтний харьцаа хандлага, үйлчлүүлэгч эмч мэргэжилтнүүдийн хооронд гарч буй зөрчил, цаашлаад үзлэг оношилгооны хүлээгдэл, чирэгдэл гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Мөн зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2 сарын аян, эмч мэргэжилтнүүдийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан тохиолдолд арга хэмжээ авах тухай журам гаргаж мөрдөх, эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, тусламж үйлчилгээний болон эмийн чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлага, оношлогоо эмчилгээний чадавхи, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, албан бус төлбөрийг ил тод болгож, хүнд сурталтай тэмцэх,  мэдээллийн технологийн хөгжлийг ашиглах асуудлуудыг тусгасан олон ажлыг хийж хэрэгжүүлж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Түүнчлэн хүүхдийн эндэгдлээр Өвөрхангай аймаг улсдаа тэргүүлж байгаа учраас тус асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.  Харин зөвлөгөөний үеэр эмч мэргэжилнүүдийн зүгээс гарсан гол санал санаачлагуудын нэг болох эмийг жороор олгож хэвших, иргэдийн түгээмэл хэрэглэдэг хэдэн эмийг тухайлбал өвдөлт намдаах, антебиток зэрэг эмийг заавал эмийн жороор олгох замаар эмийн замбараагүй хэрэглээг  бууруулах, жор бичих талаар сургалт зохион байгуулах, эмийг орлуулж өгөх асуудлыг шийдвэрлэх асуудлаар зөвлөгөөнд оролцогчид нэгдсэн байр сууринд хүрсэн юм.

Тус зөвлөгөөнд Аймгийн засаг дарга Д. Тогтохсүрэн оролцож, эмч мэргэжилтнүүд болоод эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшинд яригдаж буй Халдвартын эмнэлгийн байрыг шинэчлэх, БОЭТөвийн өргөтгөлийн явц, стандарт хангахгүй байгаа ӨЭМТөвүүдийн барилгын асуудал, алслагдсан сумдыг түргэний тэргээр хангах, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ зэргийг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудал хөндөгдлөө. Бас нэг чухал асуудал бол ЭМЯ-аас алдааны санг үүсгэх төлөвлөгөө гаргасан явдал юм. Энэ нь хариуцлага, хяналтыг сайжруулах жилийн хүрээнд ихээхэн үр дүнгээ өгнө гэж тус салбарынхан үзэж байна. Учир нь эмч мэргэжилтнүүд тус сангаас мэдээлэл авч, гаргасан алдаа дутагдлаа засах боломж бүрдэх юм.

Мөн зөвлөгөөний үеэр эмч ажиллагсад болон  ЭМГ-ын дарга Ц. Анхтуяа нар “Амлалт, хариуцлагын гэрээ” байгууллаа. Жирэмсэн эхчүүдэд тавих хяналтыг сайжруулж, эх  хүүхдийн эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг үзлэгт оруулж эрүүлжүүлэх, иргэдээ сонсох аяныг сар бүр зохион байгуулах, халдварт бус өвчнийг 80 хувьд хүргэн бууруулах, улирал тутам үйлчлүүлэгчийн санал сонсох, алдаа дутагдлаа хэрхэн засаж залруулсан талаар мэдээлэх гээд хэд хэдэн зүйл дээр эмч нар амлалт өглөө. Зөвлөгөөний төгсгөлд Аймгийн эрүүл мэндийн салбарын оны шилдгүүд тодорсон. ЭМГ-ын даргын тушаалаар 2012 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшуулсан юм.

“Оны тэргүүний эмнэлэг”- ээр Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, “Ёс зүйг дээдлэгч хамт олон”- оор Сант сумын ЭМТ, “Эх хүүхдэд ээлтэй эмнэлэг”- ээр Өлзийт, Баян-Өндөр, Сант, Хайрхандулаан сумдын ЭМТ, “Шилдэг менежменттэй байгууллага”- аар “Шунхлайн элбэрэл” эмнэлэг, Уянга сумын ЭЭС-г тус тус шалгаруулж оны шилдэг байгууллагын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

БОЭТ-ийн ЧХХЭНН-ний албаны дарга их эмч Г. Бямбасүрэнг “Оны шилдэг их эмч” БОЭТ-ийн ЭБЭК-ийн эх баригч Д. Оюунтуяаг “Оны шилдэг эх баригч”-аар, Гучин-ус сумын ЭМТ-ийн НЭМА Ч. Гурванбаярыг “Оны шилдэг эмнэлгийн мэргэжилтэн”-ээр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн сувилагч Р. Нарангэрэлийг “Оны шилдэг сувилагч”- аар Баян гол сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Ч. Улам-Ундрахыг “Оны шилдэг ажилтан”- аар тус тус шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.  

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлст оюун ухаан, мэдлэг мэргэжлээ дайчлан ажилласан нэр бүхий ажилтнуудыг “Аймгийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.      

ЭМГ-ын ОНХарилцах ажилтан Г. Цэндсүрэн

2013-04-22 19:22:12