Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн жинхэнэ албанд ажиллах хүсэлтэй иргэдээс төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт авахаар зохицуулагдсан.
Энэ хүрээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр/2019.11.16/ улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр Өвөрхангай аймгаас нийт 278 иргэн бүртгүүлж, өнөөдөр ерөнхий мэдлэгийн шалгалтаа цахимаар өгч урьдчилсан дүнгээр нийт шалгуулагчдын 20 гаруй хувь нь тэнцээд байна.
Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, салбар зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ерөнхий шалгалтын үед тус зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэг бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг шалгалтыг зохион байгууллаа. Мөн ерөнхий шалгалт зохион байгуулах төв комиссын гишүүн, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал Б.Баттүшиг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, арга зүйгээр хангаж ажиллав.
Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн иргэд энэ сарын 19-ний өдөр буюу ирэх 7 хоногийн мягмар гарагт Монгол хэл, бичгийн чадварын шалгалт өгөх юм. Тус шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг өгнө.
Дээрх шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх болзлыг хангах юм.. Ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн иргэн төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдохгүй бөгөөд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх юм.
Төрийн албаны салбар зөвлөлөөс комьютер, техник хэрэгслийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж, бүртгүүлсэн иргэн нэг бүртэй холбогдож шаардлагатай мэдээ, мэдээллийг өгч, шалгуулагчдын баталгаажилтын хуудсыг газар дээр нь хэвлэж, шалгуулагчдын шалгалтаа өгөх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллалаа.