Өвөрхангай аймагт Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлагуудын шуурхай хуралдааныг долоо хоног бүрийн мягмар гарагт тогтмол зохион байгуулдаг. Өчигдөр буюу 4 сарын 23-ны өдрийн шуурхай хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ю.Төгсжаргал “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлах тухай хууль”-ийн холбогдох заалтуудаас сургалт явуулж, хэлтэс, албадын дарга нарын асуултанд хариулт өглөө.
Авлигатай тэмцэх газраас Өвөрхангай аймгийн төрийн албанд явуулсан шалгалтаар ажил, үйлчилгээний үр дүн харьцангүй сайн боловч ашиг сонирхлын зөрчил нэлээн байна гэсэн дүгнэлт хийсний дагуу уг сургалтыг явуулж байгаа юм. Төрийн албан хаагчийн нэг талаас ард түмний эрх ашигт үйлчлэх үүрэг, нөгөө талаас хувийн сонирхол хоорондоо зөрчилдөхийг “ашиг сонирхлын зөрчил” гэх бөгөөд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлах тухай хууль”-иар төрийн алба болон төрийн албан тушаалтанд хамаарал бүхий 12 зүйлийн хязгаарлалт, хориглолтыг зохицуулсан байдаг.