Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн манай аймагт ажлын айлчлал хийж байна. Ноён Дэйв Воусэныг өнөөдөр/2019.12.17/ аймгийн Засаг дарга Г.Ганболдоор ахлуулсан аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлыг танилцуулж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг өөрийн биеэр хүрэлцэн ирж байгаад талархал илэрхийлэв. Элчин сайд Дэйв Воусэн Монгол орны түүх, соёл, аялал жуулчлалын гол бүс Өвөрхангай аймагт ажлын айлчллал хийж байгаадаа туйлын баяртай байгаагаа хэлээд эдийн засгийн хөдөлгүүр хөгжлийн эх үүсвэр хөдөө орон нутагт байдаг энэ талаараа манай хоёр улс адилхан гэв.
Уулзалтаар хоёр тал цаашид аль салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсоны дүнд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбар, жижиг дунд үйлдвэрийг дэмжих тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгаад санал нэгдлээ. Энэ хүрээнд Австрали улсын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг тусламжийн төслүүдээс дээрх салбаруудад хөрөнгө оруулах боломжтойг элчин сайд онцлов.
Элчин сайд Дэйв Воусэн Өвөрхангай аймагт хийх айлчлалын хугацаанд Австрали улсын Элчин сайдын яамны жижиг төслөөс буцалтгүй тусламж авсан хоршоодын үйл ажиллагаа, аймгийн ноосны үйлдвэр, махны үйлдвэртэй танилцах юм. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Мэргэд лаборатори сургуультай танилцаж, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбарын төлөөлөгч нартай уулзана.