Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам” “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулинд “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.”, мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.” хэмээн хуульчилсан байдаг.
Ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах ба тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож өгсөн.
Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулах тооллогын комисс байгуулагдсан. Тус тооллогын комиссын ээлжит хурал өнөөдөр/2019.12.17/ боллоо. Хурлаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга, тооллогын комиссын Нарийн бичгийн дарга О.Түмэнжаргал тооллоготой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг комиссын гишүүдэд өгч, тооллогыг үр дүнтэй, өндөр зохион байгуулалттай явуулах талаар харилцан санал солилцлоо.
Энэ удаагийн тооллогыг мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар зохион байгуулна. Тодруулбал тооллогыг “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл”-д тулгуурлан явуулж, нийт хүн амын 10 хувьд түүврийн аргаар зохион байгуулах юм. Иймд айл, өрх иргэн бүр харьяа сум багийнхаа Засаг даргад хандаж, “Хүн ам, өрхийн мэдээллээ хянан баталгаажуулснаар тус тооллогод тухайн иргэн айл өрх, үнэн бодит мэдээллээр тоологдож бүртгэгдэнэ. Мөн www.registration.nso.mn холбоосоор орж, өөрийн болон гэр бүлийнхээ мэдээллийг шалгаж, өөрсдөө засварлаж болно. Хүн ам, өрхийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр төрийн үйлчилгээг саад бэрхшээлгүйгээр авах, төрийн архиваас өрхийн гишүүд тус бүрээр үнэн зөв лавлагаа гаргуулах боломжууд нэмэгдэх юм.
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 7 хоногийн турш явагдана.