• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймаг Хүчилтөрөгчийн үйлдвэртэй боллоо

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн эмнэлгийн байгууллагыг хүчилтөрөгчийн хийн системээр бүрэн  хангах хүчин чадал бүхий “Хүчил төрөгчийн үйлдвэр” байгуулагдлаа. Тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр болов. Тус систем нь хүчилтөрөгчийн зөөврийн баллон цэнэглэх хүчин чадалтай бөгөөд  бүсийн  5 аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг  “Хүчил төрөгч”-өөр ханган ажиллах боломжтой.

Хүчилтөрөгчийн үйлдвэрт 3 төрлийн систем нэгэн зэрэг ажиллаж байна. Тодруулбал  БОЭТ-ийг 93-99 хувийн хүчилтөрөгч, цэвэршүүлсэн өндөр даралттай агаар,  вакуум /сорох систем/-ээр хангана. Мөн БОЭТ-ийн Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Хагалгааны нэгдсэн хэсэг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Дотор, Хүүхэд, хөнгөвчлөх  зэрэг хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ихтэй тасгуудад байршуулсан нь учирч болохуйц хүндрэлээс урьдчилан сэргийлж байгаа юм.

Тус үйлдвэрийг Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор Улаанбаатар хотоос  тээвэрлэх тээвэрлэлтийн зардлыг  хэмнэхээс гадна доорх давуу талууд бий болж байна.

 Орон нутагт хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэр байгуулагдсанаар:

  • Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон.
  • Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай байна.
  • Өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой. Ялангуяа амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсноос хүний биемахбодийн амин чухал эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөнд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад маш чухал ач холбогдолтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх бүрэн боломж бүрдэнэ.
  • Уг систем нь өвчтөний ор тус бүрт хүрэх бөгөөд тухайн өвчтөн эмнэлэгт ирсэн даруйд хүчилтөрөгч өгөх нөхцөлийг бүрдүүлсэн орчныг байгуулж байна.

 

2020-01-03 12:20:47