• Албан ёсны цахим хуудас
7032-1111 УТСААР БОЛОН ЦАХИМ ХУУДСААР 110, ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВД 8 ИРГЭНЭЭС САНАЛ, ГОМДОЛ ИРЭЭД БАЙНА

     Өвөрхангай аймгаас зарласан “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд аймгийн Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийг байгуулж,иргэдийн санал, гомдлыг хүлээн авах 7032-1111  нээлттэй утас ажиллуулж байгаа.

   Өнөөдрийн байдлаар тус утсанд  төрийн үйлчилгээтэй холбоотой нийт 102 санал, гомдол ирээд байна. 4 сарын 22-25 хүртэлх 4 хоногийн хугацаанд утсаар нийт 28 хүн холбогдож, гомдол мэдүүлсний дийлэнхи нь сургууль, цэцэрлэгийн төгсөлтийн баяр болох гэж байгаатай холбогдуулан эцэг, эхээс мөнгө татаж байгаа асуудлаар гомдол тавьжээ. ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын үсэглэлийн баярыг тохиолдуулан хүүхэд тус бүрээс 30-50 мянган төгрөг татаж байгаа явдлыг таслан зогсоож, зохион байгуулагч, санаачлагчдад хариуцлага тооцохыг аймгийн Засаг даргаас үүрэг болгосон байна.  

   Мөн бичиг баримтны зөрчил, бүртгэлтэй холбоотойгоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 1, Нийгмийн даатгалын хэлтэст 2, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2, Арвайхээр сумын ЗДТГ-т 2 гомдол, аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, Цагдаагийн газартай холбоотой асуултууд ирсэн байх бөгөөд иргэдийн санал, гомдлын 30 хувийг бүрэн шийдвэрлэж, 70 хувь нь шийдвэрлэх шатанд явж байна.

    Өвөрхангай аймгийн “Uvurkhangai.mn” цахим хуудсаар дамжуулан ард иргэдээс санал авах явдал бөгөөд  нийтдээ 6 санал ирлээ.  Үүнд аймгийн төрөлжсөн олимпиадын Сэтгэх чадварын олимпиадыг Боловсрол Соёлын газрын мэргэжилтнүүд өөрсдөө авч байх, төрийн албанд мэдлэг, чадвартай боловсон хүчинг томилж байх, Арвайхээр суманд баригдаж байгаа орон сууцны барилгуудын 1 кв метрийн үнэ өртөгт хяналт тавих саналууд ирсэн бол зарим төрийн байгууллагын удирдлага нь ажилчдаа намаар ялгаварлаж, хэл амаар доромжилдог тухай гомдол ирлээ.  Цахим хуудсанд ирсэн санал, гомдлыг Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд хүргүүлж, шийдвэрлэлтийг эргэн мэдээлж байгаа юм.

      Түүнчлэн   Засгийн газрын иргэдээ сонсох “11-11” төвөөс  Өвөрхангай аймагтай холбоотой 8 санал, гомдол хүлээн авч, Өвөрхангай аймагт уламжласныг аймгаас зохих ёсоор  шийдвэрлээд байна.  Тухайлвал Хужирт рашаан сувилал хувийн эзэнтэй болж,  хоногийн 35-40 мянган төгрөг болсон тул ахмад настай хүмүүс сувилуулж,  амарч чадахгүй байна гэсэн мэдээллийн дагуу Хужирт рашаан сувиллын газрын эмчилгээ, үйлчилгээний стандарт, хэрэгжилтэнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас  хяналт тавин ажиллуулахаар шийдвэрлэлээ. Хужирт суманд “Хужирт”, “Элма” гэсэн хоёр байгууллага албан ёсоор рашаан сувиллын тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг бөгөөд байгууллагуудын Удирдах зөвлөлөөс байр, хоногийн төлбөрөө тогтоон мөрддөг аж.

     Мөн Өвөрхангай аймгийн төв бараан захыг Бямба гарагт амраана гэсэн шийдвэр гарсан ч үүнийг хэрэгжүүлэхгүй ажиллаад байх юм, Хужирт сумын төрийн байгууллага ажлын цаг баримтладаггүй, Сум хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдаж чадахгүй байна зэрэг гомдол ирснийг шийдвэрлэж, Арвайхээр хотын төв бараан захад үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон худалдааны төвийн эзэдтэй аймаг, сумын удирдлагууд уулзан зөвшилцсөний үндсэн дээр Бямба гаригт амарч байхаар тогтсон.  Түүнчлэн Хужирт сумын Засаг даргад ажлын цаг нарийн баримтлах тухай аймгийн Засаг даргын албан тоотыг хүргүүлж, Сум хөгжүүлэх сангийн зээлийн талаархи  иргэний гомдол тодорхойгүй учраас нэмэлт мэдээлэл авах хүсэлт тавьлаа.

2013-04-25 01:51:49