Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Засаг дарга Г.Ганболдтой уулзаж, ярилцлаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөр хэрэгжээд гурван жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дэвшүүлсэн зорилтуудаа хэр хангалттай биелүүлсэн бэ?
Аймгийн Монгол Ардын Намаас 2016 оны орон нутгийн сонгуулиар “Бүтээснээсээ ихийг бүтээе” уриатай “Бүтээлч Өвөрхангай-2020” мөрийн хөтөлбөрийг иргэд, олон түмэнд өргөн барьсан. Уг сонгуулиар Монгол Ардын Нам олонхи болсноор намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага аймгийн Засаг даргаар томилогдсон миний нуруун дээр ирсэн. Тийм учраас мөрийн хөтөлбөрийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, тодорхой зорилтуудыг дэвшүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Саяхан хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гурван жилийн биелэлтийг хэлэлцээд 88 хувьтай буюу хангалттай хэрэгжиж байна хэмээн дүгнэсэн. Үлдсэн ажлуудаа 2020 оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Бид иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг судалж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, сум болгоны тулгамдаж байгаа асуудлыг судалсны үндсэн дээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан юм. Хөтөлбөрийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүн тодорхой тусгасан нь онцлог байсан. Усан спортын цогцолбор, Ахмадын өргөө, Хүүхдийн ордон, кино театрын барилгуудыг барина гэх мэт тодорхой нэр заасан заалтууд байснаараа онцлог учир дүгнэхэд хялбар байлаа. Энэ утгаараа хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Аймгийн эдийн засагт томоохон ахиц, дэвшлүүд гарч байна. 2019 оны жилийн эцсээр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 520.0 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламж 125.0 орчим тэрбум төгрөг болсон байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон бусад байгууллагуудын судалгааны дүнгээр бизнесийн болон өрсөлдөх чадвар эрс дээшилсэн гэсэн томоохон ахиц дэвшлүүд гарсан.
“Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн хөгжил, дэвшилд ахиц, өөрчлөлт авч ирсэн томоохон ажлуудаасаа товчхон дурьдахгүй юу?
Хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хувьд ахиц дэвшил гарсан зүйл олон бий. Аймгийн эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйн салбарыг урагшлуулахад чиглэсэн үйлдвэрлэлийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүллээ. Үүний үр дүн гарч байна. Аялал жуулчлалын салбарын эвент арга хэмжээнүүд тогтмолжиж, манай аймгийг зорьж ирж байгаа гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байна. Цаашдаа аймгийн эдийн засагт томоохон түлхэц болсон салбар болно гэж үзэж байна. Боловсролын салбарт ахиц дэвшлүүд гарсан. Бид гурван жилийн хугацаанд 40 гаруй томоохон сургууль, цэцэрлэг, соёлын төв дотуур байрны барилгыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр анги дүүргэлтийн коэффициент 2020 оноос стандартын түвшинд очиж байгаа. Өмнө нь томоохон сумд, аймгийн төвийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 45-50 хүүхэд сурч байсан. Энэ олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхэд, багачууд илүү цагаар давтлага авах, дугуйлан секцээр хичээллэх, хөгжих, мэргэжлийн лабораторууд нь тусдаа хичээллэх боломжууд нээгдсэн.
Мөн дэд бүтцийн салбарт ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэл орсон. Арвайхээр хотыг тэлж 50 мянган хүн ам оршин суух боломжтой хот болгон хөгжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоногт 3000 метр куб бохир ус зайлуулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц 176 айлын хаус хороолол байгуулах ажлыг эхлүүлээд байна. 2020 онд бүрэн ашиглалтад орно. Шинэ Арвайхээрийн бүсэд 928 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын конторын барилга баригдсан. Цаашдаа аймгийн музейн барилга болон томоохон орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдсөн. Энэ бол Арвайхээр хот цаашид өргөжин тэлэх боломжуудыг нээсэн томоохон ажлуудын нэг хэсэг гэж бодож байна. Мөн Арвайхээр хот болон Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий сумдын автозамын шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Зөвхөн аймгийн төвд гэхэд л 2019 онд 12.4 км автозамыг ашиглалтад оруулж, гэр хорооллын автозамуудыг кольцо хэлбэрээр холбосноор, иргэд маань тав тухтай зорчих боломжууд нээгдсэн. Нөгөө талаар автозамын хөгжлийг дагаад нийтийн тээврийг тогтмолжуулах ажлууд эрчимтэй явагдаж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлууд хийгдэж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Өвөрхангай аймагт мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэрүүд байгуулагдлаа. Эдгээр үйлдвэрүүд бий болсноор ард иргэдийн амьдрал ахуйд нөлөөлсөн бодитой үр дүнгүүдээс хуваалцахгүй юу?
Өвөрхангай аймгийн эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйн салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж байгаа юм. Тийм учраас мал аж ахуйн салбараа эрсдэлд оруулахгүй байх, ган зудын эрсдэлээс хамгаалах, тоо толгойг нь олон болгохгүйгээр ашиг шимийг нь нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ өртгийг өсгөх хамгийн чухал ажил байсан. Энэ хүрээнд амжилттай ажилласан гэж бодож байгаа. “Жаст Агро” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан махны үйлдвэр ашиглалтад орж амжилгүй банкны барьцаанд байсныг Монгол Улсын Засгийн газарт хандаж, тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хүсэлт тавьж хөөцөлдсөний үр дүнд Засгийн газраас 3 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, тус үйлдвэрийг орон нутгийн өмчид шилжүүлэн ашиглалтад оруулсан. Улсын хэмжээнд орон нутгийн өмчтэй махны үйлдвэр цор ганц үйл ажиллагаа явуулж байгаа нь манай аймгийн үйлдвэр байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор иргэд Улаанбаатар хот руу юмуу хэн нэгэн ченжийн гар дамжуулж, мал махаа зах зээл рүү борлуулахгүй орон нутагтаа өндөр үнээр өгөх боломж нээгдсэн. Өнөөдрийн байдлаар манай аймагт 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн нядлахаас гадна дулаан аргаар мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Үүний цаана ажлын байр бий болгох, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, аймгийн эдийн засаг руу хувь нэмрээ оруулсан бодит үр дүнгүүд гарч байгаа юм. Мөн ноосны үйлдвэр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Тус үйлдвэрийг түшиглэж ноосон хөнжил үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийг орон нутагт бий болголоо. Сүүний үйлдвэрүүдийг тодорхой хэмжээгээр сумдад ашиглалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд гаргаж байна. Үүнээс харахад хөдөө аж ахуйн салбарт дэвшил гарахуйц үйлдвэрлэлүүдийг явуулсан гэж ойлгож байгаа.
Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ орлогыг өсгөхөд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Өвөрхангай аймаг 116 мянган хүн амтай. Хүн амынхаа тоогоор улсдаа хоёрдугаарт ордог. Тэр утгаараа ажлын байрны эрэлт хэрэгцээ их байдаг юм. Тиймээс Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлж ажилласан. Үүний үр дүнд гурван жилийн хугацаанд 6433 байнгын 3285 түр байр бий болсон байна. Аймаг, орон нутагт баригдаж байгаа үйлдвэрүүд ажлын байр бий болгох зорилготой нөгөө талаар аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд ажлын байрыг бий болгоход чиглэж байна.
Дулааны улиралд барилга, дэд бүтэц, замын салбарт бүтээн байгуулалтын ажил их байгаатай холбоотой ажиллах хүн олдохгүй байна. Эсрэгээрээ өвлийн улиралд ажлын байр ховор болчихдог. Тийм учраас Солонгосын Янжу хоттой гэрээ хийж өвлийн улиралд түр хугацаагаар ажиллах хүч гаргахаар эхний гэрээ хэлцлүүд хийгдсэн. Эхний ээлжинд 200 хүн явуулахаар бүртгэж, тэдгээр хүмүүс хэлний бэлтгэлд хамрагдаж байна. Өвлийн улиралд буюу ажлын байр эрэлттэй үед ажиллах хүч гаргах, зун нь дотоодын бүтээн байгуулалтад оролцуулах бодлого барьж ажиллаж байна.
Аймаг, сумдад бүтээн байгуулалтын ажлууд олноор хийгдэж байна. Үүний хажуугаар хүнээ хөгжүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил олноор хийгдсэн. Үүний дотор хүнээ хөгжүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх чиглэлд тодорхой зорилтуудыг тавьж ажилласан. Аймаг, сумын төвүүдэд спорт заал, соёлын төвийн хүрэлцээ хангамж бага байсан. Үйл ажиллагаа явуулж байгаа барилгуудын ихэнх нь 50, 60 жилийн өмнө баригдсан. Тийм учраас соёлын төв, спорт заал барих ажил эрчимтэй хийгдсэнээр хүүхэд, залуучууд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бүх төрлийн спортоор хичээллэх боломж нээгдсэн гэж үзэж байна. Мөн ахмад настан, хүүхдүүд рүү чиглэсэн томоохон бодлого барьж ажилласан. Арвайхээр хотод Ахмадын өргөө, Хүүхдийн ордон, Хүүхдийн номын ордон, “Орхон” кино театр, сум бүрт Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан. Хүүхдийн ордон ашиглалтад орсноор 800 гаруй хүүхэд дугуйлан секцэд тогтмол хичээллэж байна. Удахгүй усан спорт цогцолборын төвийг ашиглалтад оруулна.
2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон ажилласан. Зорилтот жилийн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
Ард иргэдээс, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, ногоон байгууламжийг олноор бий болгох, зам талбайг нэмэгдүүлэх санал олноор ирсэн. Иргэдийн саналд тулгуурлан аймгийнхаа ард иргэдэд орон нутагтаа тав тухтай, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Өвөрхангай аймаг 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ээр зарлан ажилласан. Зорилтот жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх дөрвөн зорилт 44 арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд 13 төрлийн 79 мянга гаруй мод, бутыг шинээр тарьж, ургууллаа. Үүний үр дүнд төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ нэг жилийн хугацаанд 14 орчим га-гаар нэмэгдсэн нь чамлахааргүй үр дүн гэж үзэж байна. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний ахиц гарсан. Ард иргэд маань асар их дэмжиж, санаачилгатай оролцсон нь үр дүнд нөлөөлсөн. Энэ жил иргэд, төрийн албан хаагчдынхаа хүчээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулсан. Цаашдаа энэ ажлыг зөвхөн зорилтот жилийн ажил болгоод зогсохгүй жил бүр үргэлжлүүлж, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлж ажиллана.
2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилээр зарлалаа. Ирэх оны төсөв хөрөнгийн дийлэнх нь энэ чиглэлд зарцуулагдана гэж ойлгож болох уу?
Манай аймаг 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласан. Энэ нь ажлын байрыг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа олон хүн бий. Харамсалтай нь энэ хүмүүс маань сав баглаа боодол, бүтээгдэхүүнээ борлуулах цэг салбар байдаггүй. Зорилтот жилийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүн болгож болохуйц бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн шошготой сав баглаа боодолтой болгох, түүнийгээ борлуулдаг цэг салбартай болгохоор ажиллаж байна. Аймагт шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүмүүсийг хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжих, үйлдвэрлэлийн байраар хангах зорилтуудыг дэвшүүлж байгаа. Зорилтот жилийн үр дүнд өрхийн үйлдвэрлэлүүд хөгжиж ажлын байрыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бий. Энэ чиглэл рүү жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлтодорхой хэмжээний зээлийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрхийнхээ амьжиргааг авч явах гэж байгаа хүмүүс рүү чиглүүлнэ.
Аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллаж явахад саад тушаа болсон бэрхшээлтэй зүйл байдаг уу?
Ажил хийхэд саад тотгор алхам тутамд байна. Хийж бүтээсэн ажлуудыг харлуулах гэсэн оролдлогууд ажилд тушаа болдог. Улс төрийн зорилготой, хувь хүн рүү чиглэсэн хар пиар мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр санаатайгаар тарааж, ард иргэдэд буруу ташаа ойлголтыг өгч байгаад эмзэглэдэг. Зүгээр суугаад байвал зүгээр суугаад л байна. Ажил хийж байхад элдэв хэл ам амаргүй байдаг ч энэ бүгдийг даван туулж байж ажил явнаа.
Орон нутгийн өмнө тулгамдаад байгаа ямар асуудлууд байна? Тэдгээрийг шийдэхийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа ярихгүй юу?
Орон нутагт тулгамдаж байгаа гол асуудал Арвайхээр хотын утааны асуудал байна. Олон жил яригдсан. 2018 онд Солонгосын Экзим банктай албан ёсны гэрээ хийгдэж, 2019 онд Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Дулааны станц 2020 оны 4 дүгээр сараас эхлэн баригдаж, 2021 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа.Дулааны станц ашиглалтад ороод шууд утаа багасахгүй. Цаана нь утаа үйлдвэрлэж байгаа 8 мянга орчим айл бий. Цаашид утааг бууруулах үүднээс Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. . Одоо айлууд түүхий нүүрсээ татсан учир энэ жилдээ үр дүнгүй. Шахмал түлшээ хийж нөөцөлж байгаад ирэх 9 дүгээр сарын 1-нээс түүхий нүүрсээ хориглох чигтэй ажиллаж байна. Мөн архидалт, ажлын байрны асуудал, орон байр, малын хулгай, БЗДХ-ын асуудал байна. Энэ болгон дээр бид ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Малчид отор нүүдлээр их явж байна. Өвөл, хаврыг хохирол багатай даван туулахад аймгаас ямар ажлуудыг хийж байна вэ?
Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилт жил бүр хүндэрч байгаа. Манай аймаг улсын хэмжээнд газар нутаг багатай аймгуудын тоонд ордог. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Энэ жил мал сүргийн тоо 200 мянгаар нэмэгдэж 5.6 сая толгойд хүрсэн. Олон малын туурайн зуд болж байна гэж хэлэхэд хэлстэхгүй. Өвөлжилтийг давахын тулд нэлээн олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гадны аймгууд руу 1500 орчим өрх, дотооддоо 900 орчим өрх нийт 2500-аад малчин өрх оторлож байна. Отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудал, хүүхдүүдийнх сурч боловсрох асуудал, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр бусад аймгууд болон сумдын удирдлагуудтай гэрээ хийж, одоогийн байдлаар тухайн отор нүүдэл хийж байгаа өөр аймгийн сумдад 50.0 сая төгрөг өгөөд байна. Отрын малчдад тулгардаг хүнд асуудал нь түлш, түлээний асуудал байдаг. Тиймээс тэдэнд Баянтээгийн уурхайгаас нүүрс олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн зайлшгүй байх шаардлагатай эрүүл мэндийн анхны тусламжийн материал хэрэгслээр хангаж байна. Отроор яваагүй үлдсэн малчдад 30 мянган боодол өвс үнэгүй олгож, 20 мянга гаруй шуудай хивэг 50 хувийн хөнгөлттэй олгосон. Цаашдаа Засгийн газар, Онцгой комисст хүсэлт тавьж өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Аймгийн нөөцөд тодорхой хэмжээний өвс, тэжээлийн нөөц хуримтлуулсан. Тэгэхээр энэ өвөл, хаврыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллана.