Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед ажиллах бэлэн байдлыг урьдчилан шалгалаа.
Өнгөрөгч даваа гарагт хуралдсан аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Ганболд шинэ коронавирус илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлыг стандартын дагуу хангаж бэлтгэх үүрэг чиглэлийг өгсөн.
Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Өвөрхангай аймагт гамшгаас хамгаалах албад мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэг” зохион байгуулах шийдвэр гарсан.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан албаны хүмүүс Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж бэлтгэл, бэлэн байдлыг урьчилан шалгаж, холбогдох заавар зөвлөгөөг өгөв. Аймгийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдолд ажиллах шуурхай хариу арга хэмжээний баг томилогдсон байна. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн өрөө тасалгаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэж бэлэн байдлыг хангасан байна.