Өвөрхангай аймгийн ногоочдын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг 4 сарын 26-ны өдөр болж, уулзалтанд аймгийн ХХААЖДҮГ-ын дарга, мэргэжилтнүүд, 16 сумын 60 гаруй ногоочид, төмс, хүнсний ногоо борлуулагчид оролцлоо.
Аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, энэ салбарт буй бодлого, шийдвэрийг тариаланчдад танилцуулдаг уламжлалтай. “Энэ удаа зөвлөгөөн бус зөвлөлдөх уулзалт нэрээр зохиогдож байгаа, энэ нь ногоочдын санал хүсэлтийг голлон сонсож, шийдвэр гаргах зорилготой юм” хэмээн аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн нээлтийн үгэндээ онцоллоо. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “төмсний тариалалтаар аймаг өөрийн хэрэглээгээ 100 хувь, бусад хүнсний ногооны хэрэглээг 50-иас дээш хувь хангана” гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар аймаг өөрийн газар нутагт тариалсан төмсөөр нийт хэрэглээний 70, хүнсний ногоогоор 30 хувийг хангаж байгаа юм. Дээрхи зорилтын хүрээнд төмс, хүнсний ногоо тогтмол тариалдаг иргэдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хүнсний ногооны үрийн нэмэгдүүлэлт, нэг га-аас авах ургацын хэмжээ, услалтын систем, хүлэмжийн аж ахуй, техник технологийн шинэчлэл зэрэг олон асуудлыг хэлэлцэн, ногоочдын саналыг авлаа.
Усалгаатай тариаланг хөгжүүлэх зорилгоор Тарагтын Арвайн тал, Төгрөгийн Мазар, Бүрдний Боригдойн, Баруунбаян-Улааны услалтын системүүдийг сэргээн засварлаж, Хархорин суманд 5 га, Баянгол суманд 10 га-ийн услалтын систем шинээр байгуулсан бөгөөд орон нутгийн төсвөөс 100.0 сая, улсын төсвөөс 545 сая, ФАО-гийн төслөөс 40.0 мянган доллар, иргэнээс 6.0 сая төгрөг зарцуулжээ. Гэсэн ч газар тариалангийн салбарт усалгаатай тариалан эрхлэх, услалтын систем, хөв усан сан байгуулах, сэргээн засварласан буюу шинээр байгуулсан услалтын системүүдийн хүчин чадлын бүрэн дүүрэн ашиглах, үр тариа, малын тэжээлийн үрийн асуудлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал тулгамдаж байгаа юм.
Зөвлөлдөх уулзалтын үеэр сонгино, сармис, байцаа, хүнсний ногооны ургамал хамгаалах технологийн картыг ногоочдод гарын авлага болгон тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.