Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны А/42 дугаар захирамжаар салбар хоорондын багуудыг байгуулан ажиллаж байна.
Тохиолдлын удирдлагын тогтолцооны, Төлөвлөлт, санхүү, хариу арга хэмжээний, Эрсдэлийн мэдээлэл харилцааны багууд хуралдаж, сэжигтэй буюу халдвар тархах үеийн эрсдэлийн салбар дундын үнэлгээг хийн зөвлөмжийг боловсруулан бэлэн байдлыг хангаж байгаа юм. Тухайлбал, “Covid-19” халдвараас сэргийлэх, хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
“Covid-19” халдварын сэжигтэй болон өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд ажиллах ор, хүний нөөцийн судалгааг гаргаж, БОЭТ, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгт 205 орыг нэмэлтээр дэлгээд байна. Мөн сэжигтэй тохиолдол, халдвар илэрсэн үед ажиллах 79 эмч, мэргэжилтэнг бэлтгэж, халдваргүйтгэлийн бодисыг найруулах, өвчтэй иргэнээс сорьц авч тээвэрлэх, хувийн хамгаалах хувцас өмсөж тайлах талаар сургалтад хамруулаад байна.