Өвөрхангай аймгийн Гэр бүл - Хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордноос аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлд дэвшүүсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Гэр бүлийн үнэ цэнэ – Гэгээлэг амьдралын үндэс” залуу гэр бүлийн аймгийн анхдугаар чуулга уулзалтыг 5 сарын 3-нд зохион байгууллаа.
Тус чуулганд өвөрхангай аймгийн 19 сумын төлөөлөл болсон шилдэг залуу гэр бүлүүд, төр захиргааны байгууллагынтөлөөлөл, бизнесийн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин гэр бүлийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй залуус, мөн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцож залуу гэр бүлд тулгамдаж буй асуудал, хүүхдийн хүмүүжил, залуучуудын манлайлал, гэр бүлийн боловсрол, нийгмийн хамгааллын талаар зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулж, цаашид шийдвэрлэх асуудлыг эрэмбэлэн бодлогын түвшинд тусгуулах саналыг боловсрууллаа.
Чуулганыг Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нээж, чуулганд оролцогчдод “Орчин цагийн гэр бүлийн харилцаа, хандлага”-ын талаар үнэтэй зөвлөгөө өгсөн бол Гэр бүл-Хүний хөгжлийн төвийн захирал Ж.Энхтуяа “Орчин цагийн гэр бүлийн өнөөгийн байдал” сэдвээр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Адъяа“Гэр бүлийн төлөвшил, ёс суртахуун”, “Гэр бүлийн боловсрол”, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Пүрэвсүрэн “Гэр бүлийн орчин, хүүхдийн хүмүүжил”, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цэцэгмаа “Гэр бүлийн нийгмийн баталгаа”, ЭМГ-ын НЭМХ-ын дарга Наранцэцэг “Гэр бүлийн эрүүл мэнд” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Чуулганы үеэр аймгийн хэмжээнд “Залуу гэр бүлийн клуб”-ыг байгуулж, тэргүүнээр Капитал банкны захирал Ж.Энх-Амарыг сонголоо. “Гэр бүлийн үнэ цэнэ – Гэгээлэг амьдралын үндэс” чуулганаар Буга согоотын өндөрлөгт сүүн цацал өргөх арга хэмжээ, “Залуу гэр бүлийн тангараг” өргөх ёслол, спортын арга хэмжээ зэргийг зохион байгууллаа.
Маргааш бүсийн хэмжээний “Гэр бүлийн үнэ цэнэ” чуулга уулзалт Арвайхээр хотноо болно.